card

ДЭЭД ШАТНЫ АВЛИГА ДУНД, ДООД ШАТНЫ АВЛИГЫГ ХӨГЖҮҮЛДЭГ.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл байгуулагдаад олон жилийн нүүр үзсэн ч гурван жилийн өмнөөс ийм зөвлөл байдаг гэдгийг олон нийт мэдэж эхэлсэн. Өнөөгийн ажиллаж байгаа Олон нийтийн зөвлөл нь дөрөв дэх удаагаа байгуулагдсан зөвлөл юм байна. Авлигатай тэмцэх газар болон түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагаанд сүүлийн гурван жилд ямар өөрчлөлт гарсан тухай Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа. Тэрбээр “Монголд авлига дээд шатанд гарсан. Харин нааштай үзүүлэлт нь иргэдийн авлигыг жигших үзэл газар авч байгаа” гэж үзэж байна.

Иргэдийн АТГ-д хандах хандлага нэмэгдсэн

- Та энэ ажилд томилогдоод гурван жил хоёр сар боллоо. Анх ажил авч байсан үеэ дурсахгүй юу?

- Тухайн үед АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гэж байгууллага байдаг гэдгийг олон нийт мэддэггүй байсан. Тэртусмаа яг юу хийдгийг бүр мэддэггүй байсан юм.

- Та зөвлөлийн ажлыг яаж олон нийтэд мэдрүүлэв?

- Би ганцаараа биш. Манай зөвлөл нэлээд идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Олон нийт гэдэг чинь маш том хүч шүү дээ. Тэр их хүчний итгэлийг даана гэдэг бол амаргүй. Өмнө нь яадаг байсныг мэдэхгүй. Намайг Олон нийтийн зөвлөлийн дарга болсноос хойш маш их хүн манай зөвлөлтэй харьцаж эхэлсэн.

- Өмнө нь иргэд Олон нийтийн зөвлөлтэй харьцдаггүй байсан юм уу?

- Анх бидэнд хандсан иргэдийг харахад Олон нийтийн зөвлөлтэй харьцаад хариу авч чадахгүй удсан байсан. Бид эхнээс хүлээж аваад болохын хэрээр хариу өгөөд эхэлэхээр иргэдийн итгэл сэргэсэн байх гэж боддог.

- Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн ажил ямар түвшинд хүрсэн гэж үзэж байна?

- Өмнөхийг бодвол бид АТГ-ын байранд байрладаг, иргэдээс их хэмжээний хүсэлт, гомдол, санал хүлээж авдаг, иргэд шууд АТГ-тай харьцах утастай болсон.

- Утас ямар үнээр ярьдаг вэ?

- Үнэгүй. Мөн АТГ-ын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдсэн.

- Өмнө нь Олон нийтийн зөвлөл ийм ажиллагаа хийдэггүй байсан юм уу?

- Олон нийтийн зөвлөл нь АТГ-аасаа их хөндий байсан юм билээ. Харин манай зөвлөл АТГ-ын байранд үйл ажиллагаа явуулж, “Иргэд ийм санал, гомдол гаргасан. Энэ талаар ямар ажил хийгдэж байна” гэдэг утгаар нь хяналт тавьдаг болсон.

- Дээрх ажиллагааг явуулснаар олон нийтийн хандлага хэрхэн өөрчлөгдөв?

- Эхний ээлжинд ийм байгууллага байдаг гэдгийг мэдсэн байх. Дээр нь иргэдийн эрх ашгийг хамгаалж чадна гэдэг итгэл төрсөн болов уу гэж бодож байна. Энэ нь манай байгууллагад хандаж байгаа иргэдийн хандлагын тоо өссөнөөр харагдах байх. Өргөдөл авах газар байдаг гэдгийг мэдсэн. Өөрөөр хэлбэл, иргэд АТГ-т өөр суваг байдаг юм байна гэдгийг мэдсэн.

Танай байгуулагад хандсан иргэдийн хүсэл хэр биелж байгаа вэ?

- Мэдээж бүх зүйл хоёр талтай. Гэхдээ л бид АТГ-ын үйл ажиллагааг шуурхай, ил тод байлгах талаар зүтгэж ажилладаг.

- Анх танайхан чинь АТГ-ыг нэлээн шахдаг байсан санагдана.

- Манай байгууллагын тухай иргэд ойлголт багатай байсан болохоор манай байгууллага АТГ-ыг шахаад л, хоёр байгууллага зөрчилдөөд байгаа мэтээр ойлгож байсан. Энэ бол зөрчил биш. Олон нийтийн зөвлөл АТГ-тай хамт байгуулагдсан. Анхнаасаа ийм хяналтын үйл ажиллагаа явагдах ёстой байсан. Энэ нь Олон нийтийн зөвлөлийн хуулиар хүлээсэн үүрэг л дээ. Бид хэрэгжүүлж эхэлсэн болохоор л олон нийт гайхан, зөрчилдсөн мэтээр хүлээж авсан. Өнөөдөр бол хэн ч гайхахгүй биднийг ажлаа хийж байна гэж үзнэ. Нийгэм эрүүл байхын тулд авлигын эсрэг хуультай байдаг. Тэр хуульд нь дээрх зарчмууд суусан байдаг нь олон улсын жишиг шүү дээ.

- АТГ-ын байрны цонхоор харахад нийгмийн авлигад хандах хандлага хэр өөрчлөгдөж байна?

- Маш их гэж гэж хэлж болно.

- Юугаар илэрч байна вэ?

- Эхний ээлжинд 110 дугаарын утсанд хандах хандлага маш эрчимтэй нэмэгдэж байгаа. Дээр нь нийгмийн уур амьсгал хөгжлийг авлига л хойш чангааж байгааг ойлгож байна. Энэ их баялагтай улсын цөөхөн иргэд ядуураад байгаа гол шалгаан нь авлига гэдгийг ойлгож эхэлсэн.

Монголд авлига дээд шатандаа гарсан

- АТГ-ын анхны дарга дарга нүдээ ухуулсан, дараагийнх нь ял авсан, удаах нь өөрөө өргөдлөө өгсөн. Яагаад нэг ч дарга бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадахгүй байна?

- Авлигатай тэмцэнэ гэдэг бол маш хүнд ажил. Өнөөдөр дэлхий даяаршиж байна гэдэг. Тэгвэл авлига илүү их даяаршиж байгаа. Хүн амины хэрэгтнийг дэлхийн хаанаас ч бариад ирэхэд хялбар болсон. Гэтэл авлигын хэгийг илрүүлэхийн тулд Швейцарийн банкнаас эхлээд оффшор бүс, тэр бүү хэл улс орнуудын Засгийн газруудтай хамтран ажиллах шаардлагатай болдог. Авлигатай тэмцэх нь хөрөнгө, цаг хугацаа, боловсон хүчин маш ихээр шаардана.

- Манай улсын авлига ямар хүрээг хамарч байгаа бол?

- Инээдтэй асуулт байна. Гэхдээ хариулна. Үнэхээр газар авсан. Газар дээрэмдэхээс эхлээд төрийн өмчийг шамшигдуулах бараг зуршил болсон.

- Яагаад ингэж хавтгайрав?

- Авлигыг гурван түвшинд авч үздэг. Дээд, дунд, доод түвшингээр хэмждэг. Үүнээс доод түвшний авлигыг арилгах нь хуруу имрэхтэй адил гэдэг юм байна. Дунд түвшний авлигыг ч арилгах боломж бий. Харин тухайн улс орны дээд түвшинд авлига газар авсан бол түүнтэй тэмцэхэд хүнд. Дээд түвшний авлига доод түвшнүүдийнхээ авлигыг бойжуулаад зогсохгүй дээд түвшний авлигын суурь болгодог. Энэ утгаараа дээд түвшний авлигачид дунд, доод түвшний авлигачдыг хамгаалж, иргэдийг залхаадаг. Дээд түвшинд авлига гарчихсан байхад нийгэм дунд, доод түвшнийхнийг яаж ч чаддаггүй юм байна.

Дээд түвшин гэдэг нь улстөрчдийг хэлж байна уу?

- Тийм. Тэр тусмаа эрх баригч намуудын улстөрчид авлигад автсан бол бүр хүнд. Дээд шатны авлига Монголыг бүрхчихээд байна. Шүүх, прокурор, магадгүй УИХ-д хамгийн том авлигач сууж байх жишээтэй.

- Тэднийг зайлуулахад юу дутагдаж байна вэ?

- Эхний ээлжинд нийгмийн сэтгэхүй. Өмнө нь өчнөөн асуудалд орсон тэр бүү хэл өөрөө идсэн ууснаа хүлээчихсэн байхад л УИХ-д сонгочихож байгаа юм. Тэгэхээр нөгөөдөх чинь хийдгээ л үргэлжлүүлнэ. Дээр нь авлигачид төр, нийгмийн бүх шатанд өөрийн сүлжээ болон нийгмийн дэд бүтцүүдээ байгуулсан байдаг. Зарим тохиолдолд төрөөс хүчтэй байх нь бий.

- Нийгмийн дэд бүтэц гэж юу вэ?

- Тэд маш хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Нийгмийн цахим сүлжээг чадварлагаар ашиглах томоохон багтай. Хууль хяналт, төрийн баялаг хуваарилах байгууллагуудад өөрийн төлөөлөлтэй байдаг. УИХ-д суухын тулд их хэмжээний хөрөнгө гаргаж нийгмийн байгууламжийг барьж өгөх, хандив, тэтгэмж иргэдэд өгнө.

- Ядуурлыг ашиглана гэсэн үг үү?

- Нийгмийн бүх түвшинд үйл ажиллагаа явуулна. Дээд түвшний авлигчид том компаниудад тендер амлах, дунд давхаргын сэтгэхүйг хуурамч мэдээллээр угаах, төрийн албан хаагчдад албан тушаал амлах, эмзэг бүлэгт бэлэг сэлт тараах гэх мэтийн нарийн технологи эзэмшсэн байдаг. Хамгийн хортой нь дээд шатанд авлига үүрлэсэн байхад дунд, доод шатныхныг устгах ямар ч боломж байхгүй.

- Энэ бүхэн манай оронд нүүрлэсэн үү?

- Нүүрлэх биш ээ. Дээд шатандаа нутагшаад, бойжчихсон. Эрийн цээнд хүрчихсэн. Дээд шатны авлига нь дунд, доод шатныхаа авлигыг баталгаажуулна. Тийм учраас нийгэм гурван шатны авлигад нэрвэгдэж байгаа юм. Энэ тохиолдолд ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх тухай бодоод ч хэрэггүй байхгүй юу. Нийт иргэдийн 30 хувь нь авлигад нэрвэгдээд л дуусч байна.

- Та шүүх, прокурорт авлига байна гэж хэлсэн нотолгоо байна уу?

- Зургаан сая төгрөг хулгайлсан хүн хэдэн жилийн ял аваад явж байхад тэрбумаар хуссан хүн 40 сая төгрөгөөр торгуулна гэдэг нь юуг хэлээд байгаа юм. Үүнийг л ард түмэн авилга гэж үзээд, жигшээд, шударга ёс шаардаад байна шүү дээ. Иргэд их нарийн юмыг ойлгодог болчихоод байна. Өмнө авлигатай газар шударга ёс устаж байна гэж үздэг байсан. Харин өнөөдөр эхлээд шударга ёсыг устгачихаад дараа нь авлигын байшин барьдаг гэдгийг мэдсэн. Авлига хорт авдар өвчинтэй яг адилхан. Бага дээр нь эмчилж чадвал хүн эрүүлжээд цаашдаа удаан амьдрана. Хэрэв эмчлэхгүй бол амь насаа алдана. Тэмцэхгүй бол авлига томроод л байна. Нийгэмд яг хүнтэй адил үйлчилнэ.

Албан ёсны орлогоосоо давсан хөрөнгө олохыг үндэслэлгүй хөрөнгөжих гэж байгаа юм

- Сүүлийн хэд хоног Удирдлагын академийн дэргэдэх талбайд нэг компани хүчээр барилга барьж байгаа тухай шуугиж байна. Гэтэл албаныхан “хуулийн дагуу” гэсэн хариу өгсөөр...

- Иргэд эхлээд хуулиар өөрсдийн эрх ашгийн хамгаалж сурах хэрэгтэй байгаа юм. Сэтгүүлчид, тэндэхийн оршин суугчид хангалттай мэдээлэл хийж байна л даа. Гэхдээ хуулийн дагуу тэмцэх хэрэгтэй байгаа юм. Анх газрыг компанид олгох шийдвэр гарахдаа хуулийн дагуу гарсан эсэх дараа нь түүнийг цуцалсан шийдвэр, эргээд сэргээсэн шийдвэр зэргийг нягталж үзэх хэрэгтэй. Улмаар бичгээр зохих байгууллагуудад хандаад, зохих хариугаа авч чадаагүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Энэ бүхнийг бичгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулиар төрийн байгууллагатай бичгээр харьцана. Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар төрийн байгууллагууд аливаа асуудалд заавал хариу өгөх үүрэгтэй. Хариу нь зөв буруу эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь бичгээр хариу аваад, үл зөвшөөрсөн тохиолдолд дараах шатны төрийн байгууллагад хандах учиртай.

- Сүүлийн үед үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг хэллэг нийгэмд түгэж байна.

- Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг түүнийг нийтэд ил болгосон нь авлигын эсрэг тэмцлийн бас нэг ололт. Өнөөдөр төрийн 40 мянган албан хаагчийн орлогыг хэн ч үзэж болно. Энэ мэдүүлсэн орлогооссо илүү орлого олсон бол та хаанаас хэнээс гэдгээ баримтаар нотлох ёстой. Та сая төгрөгийн цалинтай байж 100 сая төгрөгийн жийп аваад уначихвал хүмүүс гайхна биз дээ. Жилд 12 сая төгрөгийн орлоготой төрийн албан хаагч 88 сая төгрөгийг хаанаас олж авснаа тайлбарлаж чадахгүй байгаа учраас албан бус орлого болчихож байгаа юм. Үүнийг л үндэслэлгүй хөрөнгөжих гэж үзнэ.

- Дэлхийн банк нийслэлийн газраас олж болох асар их мөнгийг алдсан тухай судалгаа гаргасан. Энэ талаар та нар сонирхож үзсэн үү?

- Энэ нь хуулиар бидэнд хариуцуулсан үүрэг биш. АТГ-ын Мөрдөн шалгах газраас асуух хэрэгтэй.

- Маш их мөнгөний тухай асуудал шүү дээ.

- Тийм. Гэхдээ судалгаа өөрөө нотлох баримтад тооцогддоггүй юм. Харин иргэд манайд энэ талаар хандвал бид зохих байгуулагад нь уламжлана. Гол нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж л хэр хэмжээний хохирол учирсаныг тогтооно.

- Шалгах ямарч боломжгүй гэсэн үг үү?

- Бас тийм биш. Прокурор судалгаа хийсэн байгууллагад хандаад, шалгах ажиллагааг эхлүүлэх боломжтой.

- Хуульчийн хувьд асуухад сүүлийн үед хөнгөн ялтай иргэдийг хорихгүйгээр, гав, дөнгө зүүгээд, гэрт хорих, хянах тухай мэдээлэл шуугиан дэгдээж байна.

- Зөрчлийн хууль хэрэгжүүлэх тухай асуудал. Зөрчлийн хууль байх ёстой юу гэвэл байх ёстой гэж үзэж байна. Гэхдээ эрүүл, согтуу гэр бүл, эргэн тойрныхондоо аюул учруулаад байхад нь гэрийн хорионд оруулна гэдэг нь эрүүл хүний санаа мөн үү. Өмнө нь зодсон бол үргэлжлүүлээд алаад өг гэсэн үг биз дээ. Төр гэр бүлээс аюулыг зайлуулах, хамгаалах үүрэгтэй. Гэтэл тэр аюулыг хохирогчид нь аваачаад нааж орхиж байна. Харин санамсаргүй хүн дайрах гэх мэт бусад болгоомж, санаандгүй үйлдлүүдэд оноож болох ял л даа. Гав байж болно. Гэхдээ ямар хэрэгт, хэнд зүүх вэ гэдэг дээр ялгавартай хандах ёстой.

- Хууль зүйн сайд гурван тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн шүү дээ.

- Юун гурван тэрбум төгрөг вэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн айдас хүйдэс, харцыг мөнгөөр хэмжиж болох уу. Хүчирхийлэлд өртөгсдийн сэтгэл санааны хямрал, бие махбодийн зүдгүүрийг хэмжиж үзсэн юм уу. Үнэхээр ямарч судалгаагүй, амьдралаас тасарсан шийдвэр. Хүчирхийлэгчийг гэрт хорино гэдэг бол амьдрал мэдэхгүй, хэт сэтгэлийн хөөрөлд автсан хүний л шийдвэр байхгүй юу.

Мэдээлэл